Sunday, August 1, 2010

Дөчин нас

Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Эгчдэх ч үгүй, дүүдэх ч үгүй сайхан нас юм.
Салаа бүр нь нахиалсан ургаж гүйцсэн хус шиг
Залаа бүхэн нь дүүрэн уурагшиж идээшсэн самар шиг
Өнгө өнгө нь найрсан алтан зул цэцэг шиг
Мэнгэ толбо нь тодорсон арван тавны сар шиг
Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ихдэх ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм.

Амт шүүс нь чивчирсэн арван сарын аньс шиг
Арз хорзоос авсан амттаны дээж нэрмэл шиг
Агаар салхи шингэсэн намрын шар айраг шиг
Арзгар хорзгор нь арилсан усны гүний чулуу шиг
Ай энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ахдах ч үгүй, багадахч үгүй сайхан нас юм.
Танихгүй хүнийг ч гэсэн тавхан үгнээс нь таниад
Тааралдсан бөхийн сугсраанд сөхөрч өгдөгөө болиод
Уул талын өндрийг ч нүдээрээ багцаалаад
Уусан гурван хундагандаа согтож унадагаа татаад
Ай даа энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ахдах ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм.
Арга билгийн мөрөөдөл үр хүүхэд нь өсөөд
Ар өврийн "хормойгоо" ээлжилж нөхдөгөө болиод
Алт гууль хоёрынх нь жин тун тэнцээд
Авхаалж хийморь нь жигдрэн ухаан намба болоод
Ай даа, бүсгүй хүний дөчин нас
Найраг шүлгийн утга төгс дөрвөн мөр.
Ай даа, бүсгүй хүний дөчин нас
Намар, өвөл, хавар, зунтай дөрвөн цаг.

1991.Нүхт

No comments:

Post a Comment