Sunday, August 1, 2010

Маргааш хоёулаа уулзая

Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний нойр хулжин одож
Чиний дэрний доогуур шурган орно
Шөнөжин чи, сарны гэрэлтэй ус залгиж
Шөнөжин чи, саахалтын худаг дээр өнжлөө гэж зүүдпэнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний зүүд морин төвөргөөн болж
Миний гэзгэн дээгүүр хуйлрана.
Шөнөжин би, тоонын гэрэл агшихыг хүлээж
Шөнөжин би, торгон дээлний өнгө сольж зүүдэлнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний сэтгэл сүү шиг дэрвзж
Чиний аяганы амсар дээгүүр халина
Шөнөжин чи, олон хүнтэй найран дээрээс
Шөнөжин чи, олмоо ч чангалалгүй мордлоо гэж зүүдлэнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний дуулсан дуу салхи хөлөглөн ирж
Миний ээмгэнд долоон өнгөөр шингэнэ.
Шөнөжин би, нүдний чинь харцыг  даган
Шөнөжин би, нүцгэн толгод, цэцэгт тал хольж зүүдлэнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж /
Бидэн хоёрыг болзоход
Миний нүүрнээс одны туяа ойж
Чиний хазаарыг мөнгөн товруунд гялбасхийнэ.
Шөнөжин чи, үсий минь илж
Шөнөжин чи, үүлс нүүлгэн, бороо шаагиулж зүүдэлнэ.
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний зүүд миний нойронд
Аадар болж бууна
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний зүүд чиний нойронд
Алган дээр чинь цэцэг ургуулна
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход...


1998.Москва

No comments:

Post a Comment