Sunday, August 1, 2010

ЕВГЕНИЙ ЕВТУШЕНКО

Миний их сургууль
Хөрөг зургийнх нь хүрээ алтран гялалзсан хүмүүсээс гадна
Хэрэг болгон авахуулсан зураг нь ч олигтойхон гардаггүй
                                 Хүмүүсээс би суралцсан.
Хар багасаа Толстойгоос өөрөөс нь сурахаасаа
Харин түүний тухай сөөнгөтөн дуулдаг сохорчуудаас юм дуулсан.
Энгийн модон байшин Пастернакаас өмнө амьдрал таниулсан
Их үйлсийн төлөө дэлбэ нүдэлдэх дуртай,
                                Эн бол миний шүлгийн хэлбэр.

Дэлбэртэл хэлэх,дэлгэрэнгүй үзүүлэх арга юм.
Цайны газар энгэрээ яран нууцаа дэлгэх
Цайлган сэтгэлт тахир дутуутнаас Есениний ухааныг ойлгосон
Өмнө минь дэлгээтэй Маяковскийн шүлгийн шаднаас
Өмдөө гөлийж цайтал гулгасан шат олон юм өгсөн.
Шалбархай хагархайгаасаа айхгүй байхыг
Зима хотын дуугүйхэн хүүхнүүдээс сурсан
Гурван тонны машиныг бензинээр биш түлээгээр асаачихдаг
                                     Андрей ахаас
Эсгий гуталдаа нөхөөстэй хүн хэн болох
Эмжээртэй гоёмсог нөмрөгтөн хэн болохыг ялгаж сурсан.
Дөрөвдүгээр Мещанская,Марина Рошад гүйж харайж өсөхдөө
Төмөр хутганаас хатуу, тамхины ишнээс энгийн байж сурсан.
Оочирт  зогсох  гэдэг ээж шиг минь дасал болсон.
Ойж буутал минь цохиж нударганыхаа чадлыг шалгасан
Овилгогүй банди нараас би бас юм мэдэж авсан.
Сэт цохих гэдэг дайчин орос үгийн утгыг
Сэргэлэн хөл бөмбөгч Сева Бобровоос ухаарсан.
Өвөртөө мөнгөгүй ч өглөгч шүлэгтэй
Өрвийж цонхийсон бичгийн хорхойтнуудаас би бас суралцсан.
Нийтийн байрны гал зууханд шөнөөр
                      Намайг барьж авч үнссэн
Эсгүүрчин Алкагаас,бусад дамшигнуудаас би бас сурсан.
Орос орноороо явж сэвх цуглуулж өгсөн
Олон жил зовж байж гаргасан Нюшкагаас би бас сурсан.
Нюшка бол би өөрөө,Нью-Йорк,Парисыг чичрүүлэн байж
Оросын бүх Нюшканууд намайг гаргасан юм.
Эх орныхоо мэнгэ,шарх сорвиноос би бүтсэн.
Сүм хийд,сүрэл амбаар,оршуулгын газар,өлгийн дуунаас бүтсэн.
Тоосгоны үртэс наалдсан даавуун алаг бөмбөг
Миний үзсэн анхны дэлхийн бөмбөрцөг байлаа.
Дараа нь харин жинхэнэ бөмбөрцөгт хөл тавихдаа
Эх дэлхий минь бас л алаг эрээн,тэгээд ч
Хүнд цохилтонд олантаа өртсөнийг би мэдсэн.
Дүрэм ч үгүй,шүүгч ч үгүйгээр,
                 Шууд эх дэлхийгээр наадагч
Цуст “хөл бөмбөгийг” би үзэн ядна.
Эх дэлхийнхээ булан бүрийг би хайрлаж
Эрх чөлөөг тэнд алдаршуулан дуулна.
Асар урт Марина Роша гудамжаараа юм шиг л
Аварга том дэлхий дээгүүрээ тайвуухан алхаж
Алс холын Вьетнам,
Эсвэл Перу эмгэний царайнаас
Алаг хорвоог таньсан шүү.
Мөр нүцгэн ядуучууд,танхайчуудаас самбаа суралцаж
Мөсөн дээрээс үнэр олохыг Эскимосчуудаас би сурсан.
Мөнхөд гунихгүй,гутрахгүй байхыг Италичуудаас сурсан.
Ядуу хүмүүсийн ихэнх нь хүзүүгээ сунатал ажиллаж байхад
Ядарч үрчийсэн тийм хүзүүний нугалаасанд
Ялархуу цөөнх нь нуугдаж хоргодож суудгийг би мэдсэн.
Эздийнхээ им тамга,хараалд өртсөн олон түмний ганц хүсэл бол
Энгийн ардын үрчлээнд нуугдсан “хог шааруудыг”
Ховх цохин устгах хүсэл юм.
Им тамгатнуудын им тамга,
Тэдний хоол унд,бүлээн цус нь байхсан.
Алдар нэргүйчүүдийн алдар нэр нь билээ,би
Бичдэггүй хүмүүсийн бичигч нь,зохиогч нь байхсан.
Уншигчдын бий болгосон зохиолч нь би.
Уншигчдаа ч  гэсэн би өөрөө бий болгосон.
Урьдах  үүргээ хумсхан ч гэсэн биелүүлсэн.
Та нарыг бүтээгч нь,та нарынхаа бүтээл нь билээ би.
Та нарын хоёр дахь хэвлэл,бүрэн тохимол билээ би.
Ордны оёдолчныг цааш түлхчихээд
Ор нүцгэн шонхор шувуу шиг зогсож чадна би

Хайраараа шатаасан нурман дээрээ би зогсоно.
Найдвар нөхөрлөлийн үнс хөрч алган дээрээс хийснэ.
Оргилон гарах нулимсаа залгин хахаж цацна.
Оочирлох цувааны сүүлд нь зогсоно.
Эгэл олон та нарынхаа төлөө
Эх орныхоо төлөө юм шиг үхэж би чадна.
Хайр дурлалдаа шатан хайлан урсана.
Харин өвчинд эмзэглэхдээ чоно шиг улина.
Өргөн олон та нарыгаа хэрэв үзэн ядах юм бол
Өөрийгөө би үгийн муугаар хараана.
Хүмүүн та наргүйгээр би байхгүй.
Хүн шиг байхад минь харин та нар туслаарай !
Хөл алдан хөөрчихгүй шиг байж
Хөөрхий нэгэндээ гар сунган туслаач!
Уут сав барьсан энгийн хүмүүсийн уут сав нь шүү би.
Урд хойногүй та нарынхаа зургийг дарсан
                      Зээлийн нэгэн зурагчин билээ би.
Энд тэнд нь гүйцээж зурах шаардлагатай
Эгэл та нарын нэгдмэл нэгэн хөрөг билээ би.
Та нарын минь царай миний үзэх Үзэсгэлэн.
Миний хувийн музей шүү.
Дуртай дуугаар тань цэнэглэгдсэн зурагт хальс шүү.
Өөр бусдын өдрийн тэмдэглэл.
Өргөн дэлхийн сонины үг өгүүлбэр шүү би.
Миний мэрж мэрж орхисон үзгээр
Та нар өөрсдийнхөө тухай бичиж байна.
Мэдэмхийрч  зааварлахыг  би  хэзээ ч хүсэхгүй.
Мэдэх хүсэл оргилсон мөнхийн  шавь байж
Мэргэн  амьдралын  их  сургуулиас  үргэлж  суралцахыг  хүснэ

No comments:

Post a Comment