Sunday, August 1, 2010

Вероника Тушнова

Орос зөвлөлтийн яруу найрагч В.Тушнова “Анхны ном” 1965, “Алсын замд”1954, “Зүрхний дурсамж”1958, “Дахин амьсгалахуй”1961,”Аз жаргалтай зуун цаг”1965 “Шүлгүүд”1969 зэрэг номууд туурвижээ.

АЗ ЖАРГАЛТАЙ ЗУУН ЦАГ
Аз жаргалтай зуун цаг
Бага гэж үү,бага гэж үү?
Аз жаргалаа би
Алтан элс шиг шүүсэн
Гялалзах бөнжигнөх
Дусал болгоныг нь,ширхэг бүхнийг нь
Эцэхийг мэдэхгүй цуглуулсан
Эрмэг цогтой манцуйлсан
Утаа манангаас угаасан
Ургаа хус,улалзах оддоос
Угтан тосон хураасан...

Савчин хангинах галт тэргэнд
Салхи шуугих вокзал дээгүүр
Жаргал заяагаа эрэн эрэн
Жавар нарыг олонтаа үзсэн
Онгоцонд суугаад нисэх шахсан
Онцгой жаргалаа гэнэтхэн олсон юм.
Элгэндээ тэврэн энхрийлэн
Эзгүй байшинд дулаацуулсан юм.
Гашууны гашуунаас шүүсэн юм шиг
Гашуунаас гашуун байсан,заримдаа
Одтой төрвөл болоо гэж
Огтын худлаа ярих юм.
Заяа жаргалаа ширээж хатаа
Завсар зайгүй мөнхөлж дархла
Хүлээзнэж назгайрсан
Хүйтэн зүрхээ халаа
Жаахны жаахнаас ч гэсэн
Жаргал олон баяс
Ширээж тунгааж шүүсэн
Шижир шиг жаргал л...
Жаргал шүү.
Аз жаргалтай зуун цаг
Бага гэж үү,бага гэж үү?
  * * *           * * *
Жаргалын орон диваажинд дуудан
Жаахан ч болов намайг цэнгүүлээч
Ангаа  цангааг  минь тайлан
Амсгалах  жаргалыг  хайрлаач
Зуун уулын тэртээ биш шүү дээ
Зузаан зузаан үүлний цаана биш шүү дээ
Тэнд чинь цасан ширхэг буурцаглан
Тэнд чинь хаврын шуурга унтаж байгаа
Тэнд чинь жижигхэн гацуур цэнхэртээд
Тэгээд дээгүүр нь арц шарлаж байгаа.
Мөчрөөс мөчирт хэрэм
Мөрөөдлийн жигүүр шиг дүүлж байгаа.
Мөнгөн өнгөөр солонгороод
Шингэн усан мөстөж байгаа
Нэг л удаа,ердөө ганц л удаа
Нэн өглөөгүүр намайг дуудаач.
Би чамд саад болохгүй.
Биеийн чинь сүүдэр шиг л явна.
Хүний амьдрал дэндүү урт
Хүлээх хавар жилд ганц.
Тэнд ойн шувууд жиргэн дуулна.
Тэнд булгилах зүрх цохилж дуулна.
Хэрвээ намайг дуудаж даллаж
Хэзээ ч юм ирээч гэвэл
Хэдэн зуун нүгэл чинь
Хормын дотор арилах буй за

No comments:

Post a Comment